7 хоногийн тойм: Крипто зах зээл
Зах зээл ерөнхийдөө
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн крипто зах зээл өндөр хэлбэлзэлтэй байлаа. Ерөнхийлөгч Трамп Иранд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө дахин дурдсан зэрэг нь зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдүүлжээ. Харин нөгөө талаас инфляцын түвшин 2.4%-д хүрч, 2021 оноос хойших хамгийн доод түвшинд гарсан нь бодлогын хүүг бууруулах магадлалыг нэмэгдүүлсэн таатай мэдээ болов.
Биткойн (BTC)
Биткойны хувьд нэлээн савлагаатай долоо хоног болж өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногийн эхэнд $71,000 орчим байсан ханш долоо хоногийн турш уруудсаар долоо хоногийн дундуур $65,000 хүртэл унав, харин төгсгөлд нь сэргэлт авч, $68,000 дээр хаагдлаа. Зарим арилжаачид үүнийг дараагийн том өсөлтийн өмнөх хямдхан худалдан авах боломж гэж харж байгаа бол, нөгөө хэсэг нь ханш үргэлжлэн буурах эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна.
Этэриум (ETH)
Харин Этэриумын ханш мөн адил суларч, ойролцоогоор 5% буюу $1,998 орчимд хүрч буурлаа. Тухайлбал, АНУ-ын ETH спот ETF-үүдээс долоо хоногийн хугацаанд $161 сая гадагшилж, зах зээлийн томоохон тоглогчид Этэриумээ эрчимтэй зарсны улмаас ханшийн эсэргүүцлийн бүсүүд ар араасаа нурсан байна.
Алткойн ба Миймкойн
Солана 1%-ийн уналт үзүүлж $85 хүрсэн бол Dogecoin, Shiba Inu, Pepe зэрэг голлох миймкойнууд эсрэгээрээ 6–19%-ийн өсөлттэй байлаа. Ялангуяа Элон Маскийн дэмждэг Dogecoin нь X платформ дээр хувьцаа болон крипто шууд арилжаалагддаг болно гэсэн мэдээний дараа 12%-иар өссөн байна.
Бодлого ба зохицуулалт
Зах зээлийн энэхүү сулралд Ерөнхийлөгч Трамп Холбооны нөөцийн сангийн дараагийн тэргүүнээр Кевин Уоршийг нэрлэсэнтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Мөнгөний хатуу бодлого баримтлагч, хэт болгоомжтой нэгэн гэгддэг түүний томилгоо нь бодлогын хүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдана гэх болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлж, макро зах зээлд тодорхойгүй байдал үүсгэжээ.