Теслагийн зах зээлийн үнэлгээ $100 их наяд хүрнэ
Элон Маск саяхан Теслагийн зах зээлийн үнэлгээг $100 их наядад хүргэх “боломжтой” хэмээн мэдэгдэж, үүнд “асар их хөдөлмөр, багагүй аз” шаардлагатайг онцоллоо.
Энэхүү амжилтад хүрэхийн тулд Тесла одоогийн $1.4 их наядын үнэлгээгээ 60 гаруй дахин өсгөх шаардлагатай бөгөөд энэ нь компанийн түүхэн дэх төдийгүй бизнесийн ертөнцөд сонсогдож байсан хамгийн зоримог зорилтуудын нэг болж байна.
Маск "Optimus" хүн дүрст роботыг Теслагийн "бүх цаг үеийн хамгийн том бүтээгдэхүүн" хэмээн тодорхойлж, ирээдүйд жилд $10 их наядын орлого олох боломжтой гэж таамаглаж байна. Мөн тэрээр хиймэл оюун ухааны эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөхийн хэрээр Теслагийн Роботакси сүлжээ болон эрчим хүчний бизнесүүд урт хугацаанд асар их үнэ цэн бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хэдийгээр Маскийн мэдэгдлүүд заримдаа үлгэр мэт сонсогддог ч тэр үргэлж боломжгүйг боломжтой болгож ирсэн нэгэн билээ. Олон хөрөнгө оруулагчид түүний зоримог амлалтуудад итгэлтэй хэвээр байна.