Трамп Бээжинд айлчлахаа албан ёсоор зарлалаа
Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 31-нээс 4 сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван өдрийн дээд хэмжээний уулзалт хийхээр Бээжинд айлчлахаа албан ёсоор зарлалаа.
Эдийн засаг болон геополитикийн ээдрээтэй, олон талт асуудлуудыг хэлэлцэх энэхүү өндөр ач холбогдол бүхий уулзалт дэлхийн анхаарлын төвд ороод байна.
Шинжээчдийн үзэж буйгаар хэлэлцэх асуудлын дийлэнхийг гадаад худалдаа, ялангуяа хөдөө аж ахуйн экспорт, газрын ховор элемент, хагас дамжуулагчийн нийлүүлэлт эзлэх төлөвтэй байна. Мөн Украины дайн, Тайванийг тойрсон хурцадмал байдал, Ирантай холбоотой нөхцөл байдал зэрэг геополитикийн өргөн хүрээний сэдвүүд ч хөндөгдөх хүлээлттэй байна.
Трамп айлчлалыг "ширүүн бөгөөд сонирхолтой байх болно" хэмээн тодорхойлсон бол, Ши Жиньпин 2026 оныг "харилцан хүндэтгэсэн, энх тайвныг эрхэмлэсэн, хамтын ажиллагааны жил" болгохыг уриалжээ. Мөн Трамп энэ оны сүүлээр Цагаан ордонд төрийн айлчлал хийх урилгыг Ши Жиньпинд хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна.