Трамп банкнуудыг шүүмжилж криптог дэмжив
Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан АНУ-ын криптовалютын зах зээлд зориулсан анхны иж бүрэн зохицуулалт болох “CLARITY Act” хуулийн төслийг яаралтай батлахыг Конгресст шаардлаа. Уг хууль анх ирэх сард батлагдах хүлээлттэй байсан ч зарим заалтын талаар маргаан үүссэнээс шалтгаалан одоогоор Сенатын шатанд түр гацаад байгаа юм.
Маргааны гол асуудал нь крипто платформуудын санал болгож буй стэйблкойны өгөөж байна. Одоогийн байдлаар крипто платформууд стэйблкойнд ойролцоогоор жилийн 5%-ийн өгөөж санал болгож байгаа бол банкны энгийн харилцах дансны хүү ердөө 0.1% орчим л байгаа юм.
JPMorgan, Bank of America зэрэг томоохон банкуудын зүгээс стэйблкойны өндөр өгөөж нь уламжлалт банкны системээс крипто зах зээл рүү их хэмжээний хөрөнгө шилжихэд хүргэж болзошгүйг анхааруулжээ.
Харин Трамп банкны салбарын энэ байр суурийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн шүүмжилж, АНУ дэлхийн дижитал хөрөнгийн салбарт өрсөлдөх чадвараа хадгалан үлдэхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ.