АНУ, Израил Ираныг бөмбөгдөж эхэллээ
АНУ болон Израил өнөөдөр Ираны хэд хэдэн байршил, тэр дундаа нийслэл Тегеранд цэргийн цохилт өгч пуужиндлаа.
Ерөнхийлөгч Доналд Трамп уг дайралтыг "томоохон цэргийн үйл ажиллагаа" хэмээн тодорхойлж, АНУ болон холбоотнуудын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэдгийг онцлон мэдэгдэв. Мөн Ираныг цөмийн хэлэлцээрийг нэн даруй зөвшөөрөхийг шаардсан байна.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ч ижил байр суурь илэрхийлж, шаардлагатай тохиолдолд илүү хатуу арга хэмжээ авна хэмээн анхаарууллаа. Тэгвэл Ираны тал уг довтолгоонд илүү хүчтэй хариу өгнө гэдгээ мэдэгдэж, бууж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Энэхүү гэнэтийн үйл явдалд дэлхийн санхүүгийн зах зээл маш хурдан хариу үйлдэл үзүүлэв. Крипто зах зээл хүчтэй унаж, хөрөнгийн зах зээл ирэх долоо хоногт уналттай нээгдэх төлөвтэй байна. Эсрэгээрээ геополитик болон эдийн засгийн тодорхойгүй байдал хурцадсан энэ үед алт, мөнгөний ханш огцом өсөлт үзүүлж эхлэлээ.