Binance Mastercard-ийн крипто хөтөлбөрт нэгдлээ
Binance Mastercard-аас санаачлан хэрэгжүүлж буй “Крипто түншлэлийн хөтөлбөр”-т албан ёсоор нэгдлээ.
Энэхүү хөтөлбөр нь крипто салбарын 85 гаруй компанийг нэгтгэж, блокчэйн технологийн инновацыг уламжлалт санхүүгийн дэд бүтэцтэй уялдуулах зорилготой юм.
Шинжээчдийн үзэж буйгаар уг хөтөлбөр нь стратегийн түншлэл, технологийн хамтын ажиллагаанд тулгуурлан өргөн хүрээний крипто экосистем бүрдүүлэхэд чиглэжээ. Үүний үр дүнд крипто карт, төлбөрийн шийдлүүд болон шинэ санхүүгийн үйлчилгээнүүд илүү хурдтай хөгжихөөс гадна Mastercard-д гол өрсөлдөгч болох Visa-ийн эсрэг зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх боломжийг өгч байна.
Цаашлаад Mastercard-ийн гүйцэтгэх захирал Майкл Мибах криптовалютаар төлбөр тооцоо хийхийг “кофе авахтай адил энгийн” болгох зорилтоо онцолж, крипто болон стэйблкойны өдөр тутмын хэрэглээ цаашид улам тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.