Крипто зах зээлд олон их наяд доллар орж ирнэ
Ерөнхийлөгч Доналд Трамп криптовалютын зах зээлд зориулсан анхны иж бүрэн зохицуулалт болох “CLARITY Act” батлагдахад “тун ойрхон” байгааг саяхан мэдэгдлээ.
Тэрээр уг хуулийг АНУ-ын дижитал хөрөнгийн салбар дахь “түүхэн эргэлтийн цэг” хэмээн тодорхойлж, олон жилийн турш үргэлжилсэн эрх зүйн тодорхойгүй байдлыг цэгцлэх шийдэл болно хэмээн онцлов.
Цаашлаад Трампын крипто бодлогын зөвлөх уг хууль батлагдсанаар "олон их наяд долларын хөрөнгө крипто зах зээл рүү орж ирнэ" хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн байна. Сангийн сайд Скотт Бессент болон Coinbase-ийн гүйцэтгэх захирал Брайан Армстронг нар уг хуулийг ирэх 4 сард багтан батлагдах өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж.
Шинжээчид "CLARITY Act" нь ил тод, зохицуулалтын тодорхой орчныг бүрдүүлснээр томоохон банкууд болон Уолл Стрийтийн байгууллагуудад криптог үйл ажиллагаандаа илүү гүнзгий нэвтрүүлэх боломж олгож, урт хугацаандаа институцийн хөрөнгө оруулагчдыг зах зээлд татах чухал хөшүүрэг болно гэлээ.